Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 5 том хүн, нэг хүүхэд амиа алджээ

Өчигдөр /03.14/ болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгий нуур суманд таван настай нэг хүүхэд амиа алдсан байна. Тодруулбал, Дэлгэрцогт суманд нэг хүн, Өндөршил суманд нэг, Дэрэн суманд нэг хүн, Баянжаргалан суманд хоёр хүн амиа алджээ. 

Мөн арав гаруй аймагт 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хууларч, 1200 гаруй мал шуурга урууджээ. Төөрч алга болсон 548 хүний 467-г нь эсэн мэнд олсон ба өнөөдрийн 10 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Сураггүй алга болсон иргэдийн тухай дийлэнх дуудлага Дундговь аймагт бүртгэгдсэн ба одоо тус аймагт 68 хүнийг хайж байна. 

Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх 3 аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.

Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлжээ. 

Хаврын улиралд цасан болон шороон шуурга олон удаагийн давтамжтай болдог. Тиймээс ард иргэд, ялангуяа орон нутгийн иргэд бэлэн байдлаа хангах, цаг агаарын таагүй байдлыг урьдчилан мэдэж малаа хол бэлчээхгүй байх, хүүхдээ малд явуулахгүй, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг АНХААРУУЛЛАА!