Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа

АН-ын түүхэнд сорилт тулгараад байгаа энэ цаг үед тус намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Ардчилсан намын гишүүд, сонгогчид халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлж байна.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд нарын мөрийн хөтөлбөрөө гишүүдээ танилцуулах уулзалт, цар тахлын нөхцөл байдлаас улбаалж, УОК-аас гаргасан дүрэм журмын хүрээнд зайнаас буюу цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Анхны онлайн уулзалт Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ээс эхэллээ.


Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин “Ардчиллын 5 ялалт ард түмний 5 ялалт”, нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” Одонгийн Цогтгэрэл “Цуг шинэчилье” нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялалт 24 гэсэн уриатайгаар энэ удаагийн намын даргын сонгуульд оролцож, энэ үзэл баримтлалаар мөрийн хөтөлбөр, бодлогоо тодорхойлж, гишүүд дэмжигчидтэй танилцуулж байна. Үдээс хойш Нийслэлийн БЗД-ийн гишүүд, дэмжигчидтэйгээ онлайн уулзалт хийлээ.

Шинэ, залуу эрч хүчтэй 70,80 оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон сонгуулийн сурталчилгаагаа явуулж буйд АН-ын гишүүд талархан хүлээн авч байна. Эв нэгдлээ эрхэмлэн намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг цахим уулзалтад оролцсон намын гишүүд хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм.