Б.Гүрсоронзон: Автомашины 183 дугаар нийлээд 410 саяар зарагдсан

Дэнчингийн 50 мянган төгрөгийн тухайд бид судалгаа авч байна. Одоо бол  хөөс нь нэлээн дарагдаж, үймүүлээд байдаг нь  гайгүй болж байгаа.

Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг дахин зохион байгуулах гэж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд auction.transdep.mn сайтаар явагдана.

Сануулахад, азын дугаарын өмнөх дуудлага худалдаа хоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд явагдсан билээ. Дуудлага худалдааны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд нээлттэй дуудлага худалдаагаар иргэдэд санал болгосон 20 дугаараас 0001 УАР дугаар 427 сая 450 мянган төгрөгийн үнэд хүрснийг тухайн үед мэдээлж байсан.

Тэгвэл уг дугаарт хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дугаарыг аваагүй учраас гуравдугаар сарын 22-ны өдөр болох дуудлага худалдаанд дахинд оруулахаар болжээ.

Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонтой холбогдож, өмнөх дуудлага худалдааны үр дүн болоод дуудлага худалдаанд үүсэж буй “хөөс”-ийг зохицуулах үүднээс дэнчингийн гэх 50 мянган төгрөгийг оролцогчдод буцаан олгохгүй байх боломжтой юу гэдгийг тодруулахад дараах хариултыг өглөө.

-Өмнөх дуудлага  худалдаагаар хамгийн өндөр үнээр буюу 46 сая төгрөгөөр 77 77 гэсэн дугаар зарагдсан. Дараагийнх нь 99 99 гэсэн дугаар 20 сая төгрөгөөр зарагдсан. 427 сая төгрөг хүрсэн дугаарыг оролцогч худалдаж аваагүй. Тээврийн хэрэгслийн 183 дугаар санал болгосон дуудлага  худалдаанаас 410 гаруй сая төгрөг орж ирсэн.

Дэнчингийн 50 мянган төгрөгийн тухайд бид судалгаа авч байна. Одоо бол "хөөс" нь нэлээн дарагдаж, үймүүлээд байдаг нь гайгүй болж байгаа. Ер нь бол дуудлага худалдаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангахын тулд, олон хүнийг хамруулахын тулд дэнчинг нь тэгж тогтоосон юм” гэв.

2021.03.22-ны 09:00 цагаас эхлэх дуудлага худалдаагаар дараах дугаарыг худалдана

Эх сурвалж:zindaa.mn