Рио Тинто компанийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

Рио Тинто компанийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

"Рио Тинто Монгол" компанийн захирлаар  Х.Амаржаргалыг томилсон байна. 

Х.Амаржаргал нь Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид ирсэн бөгөөд “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан билээ. Тэрээр бизнесийн эрхзүй, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд стратеги, арилжаа, гадаад харилцаа, бодлогын чиглэлээр 20 жил ажилласан туршлагатай.

Х.Амаржаргал “Манай улсын төдийгүй "Рио Тинто"-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд Оюутолгой төслийг нийт Монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу Монгол мэргэжилтнүүдээс бүрдэх "Рио Тинто"-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм" хэмээжээ.