Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэж байна

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Хяналтын ерөнхий хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс хасах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

МАН-ын дүрэмд Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалд холбогдсон. Түүнд холбогдох уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Иргэн Б.Сүндэръяагийн өгсөн гомдлын дагуу уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Мөн ХЭҮК-оос уг асуудлаар тайлбар хийх зөвлөмжийг түүнд мөн өгч байв.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйтэй бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой гэсэн юм. Энэ байр сууриа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хэлсэн бөгөөд бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахгүй гэвэл намын гишүүнчлэлийн асуудлыг ярина гэсэн юм.