Д.Сумъяабазар: Нийслэлд 0.7 га газар олгохгүй байх хэрэгтэй шэж үзэж байна

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон захирамжуудыг цуцлахаа мэдэгдсэн бөгөөд өнөөдөр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.

    Тэрээр “Газар хөдлөлийн идэвхтэй бүс болох Туул голын дагуу өндөр барилга барина гэдэг өөрөө маш их эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа буюу Чингэлтэй Хайрханы өврөөр байна. Хадтай, газар хөдлөлтийн зурвасаас хол юм.  Хойд талаасаа хот их сайхан харагддаг.

    Улаанбаатар хотын иргэдийн газар үнэ цэнэтэй байх ёстой. Хоёр жилийн хугацаанд байшин барина гээд газар авсан одоо байшингаа ч бариагүй байгаа бол газрыг нь буцаад цуцалдаг тэр механизм руу оруул. Иргэн бүрт 0,7 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт үүнийг дагасан захиргааны зардлууд улам нэмэгдэж байна. Улаанбаатар хот ойрын хэдэн жил байгаагүй санхүүгийн дарамтад орсон. Иймээс Улаанбаатар хотын газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчийн газартай байгаа. Энэ мэдээллийг судалгаа хийн ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Иргэдийн өмчилж авсан газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөхийн тулд дахин 0,7 га газрын эзэмшил өгч ерөөсөө болохгүй.

    Туул голын эрэг дагуух газрууд үргэлж компаниудын хооронд арилжаагаар явсаар ирсэн. Эсвэл нэг банкны барьцаанд тавигддаг. Төлж чадахгүй болохоор банк нь авчихдаг. Энэ зүйл далд эдийн засгийг дэмжээд байна. Нийслэлийн газрын албаны дарга Энх-Манлай Туул гол орчмын газар чөлөөлөлт болон ногоон байгууламжтай холбоотой асуудлаар хоёр удаа шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна.  Одоо зөвшөөрлийг нь цуцална. Нийгмийн уур амьсгал ширүүн, хяналт өндөр болж байна. Иргэд их бухимдаж байна. Дэлгэр зун цаг болж байхад голын эргээр ингээд шороо асгаад тавихад хэн дуртай байх вэ. Бид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч, газар эзэмших  эрхийг цуцлах асуудлаар захирамжийн төсөл оруулж ирээд, дахин мэдэгдэл хүргүүлэх хэрэгтэй” гэлээ.