Улсын хэмжээнд хүүхдийн 31 асрамжийн төв, 120 гаруй ТББ байна

Улсын хэмжээнд хүүхдийн 31 асрамжийн төв, 120 гаруй ТББ байна

Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй НҮТББ байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон, “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар, Донбоско хүүхдийн төвүүд болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын үйл ажиллагаатай танилцжээ.

Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв  нь 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар нь амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

Донбоско төв нь хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв нь  амьжиргааны түвшин доогуур өрхийн СӨБ-ын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж байна.

Цаашид хүүхдийн халамж, асрамжийн төвүүд болон хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮТББ-уудын үйл ажиллагааг дэмжин, байнгын уялдаатай ажиллахыг зорьж байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.