Одоо сонгогдох Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй вэ

Одоо сонгогдох шинэ Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгч нар шиг хязгааргүй эрх мэдэлтэй нэгэн байж чадахгүй. Бас хууль батлуулж эрх мэдлээ нэмэгдүүлэх ч боломжгүй болсон. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багагүй хязгаарлажээ.



Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Тус хууль ч ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих юм. Дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарласан байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн гучин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй гэсэн үг. Ингээд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хэрэгжүүлдэг чиг үүрэг болон хариуцлагын талаар Ерөнхийлөгчийн тухай болон Үндсэн хуульд хэрхэн тусгасныг хүргэж байна.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь:

Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,

Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн заажээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх чиг үүргийг Үндсэн хуулиас гадна Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгасан байдаг.

Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?

-УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлах, улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Санаачилна гэдэг нь хуралдуулна гэсэн үг биш,сана л л гаргах төдий.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө.

УИХ-ын сонгуульд ялсан намын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулна. Энэ нь Ерөнхий сайдын томилгоо “зөвшилцөх” нэртэй боловч Ерөнхий сайдад нэр дэвшигчээс татгалзах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Харин өөрөө дургүй, дэмжихгүй байсан ч, сонгуульд ялсан намын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулах л үүрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулахгүй бол УИХ өөрөө хэлэлцээд явах эрх үүсдэг тул Засгийн газрын тэргүүний томилгоонд Ерөнхийлөгчийн нөлөө байхгүй. Сайд нарын томилгоонд бол Ерөнхийлөгч комент ч хэлэх эрхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  Ерөнхий сайд нь  сайд нараа шууд томилж, байхаар болсон.

-Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.

-Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.

-УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжвэл хориг хүчин төгөлдөр болдог.

-УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрх Ерөнхийлөгчид бий.

Түүнчлэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тус заалтад дараах бүрэх эрхүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:

-Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

-Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

-Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

-Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

-Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

-Уучлал үзүүлэх;

-Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

-Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

-Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно гэжээ.

Ерөнхийлөгч хэнийг томилдог вэ?

-Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

-ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно.

-Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

-Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх ийнхүү тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. 

Шүүгчийг томилох, танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг сонгох

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.

-Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.

-Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

-Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.

-Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.

-Энэ хуулийн 36.2-т заасан танилцах сонсголыг зохион байгуулах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /цаашид “Байнгын хороо” гэх/ батална.

-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.

-Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

-Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.

-Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана.