БНХАУ-ын экспорт V сард 28 хувиар өслөө

БНХАУ-ын экспорт V сард 28 хувиар өслөө

Тавдугаар сард БНХАУ-ын экспорт өсөлтөө хадгалж, өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн байна. Харин импорт нь 51.1 хувиар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл нь 45.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

АНУ, Их Британи зэрэг улс хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ суллаж, иргэдийн хэрэглээ өссөнөөр олон улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнийх нь эрэлт өсөөд байгаа аж. Түүнчлэн хөгжиж буй орнуудын эдийн засаг сэргэж эхэлснээр цаашид дэлхий даяар эрэлт өснө гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаас Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн үйлдвэрлэгч орнуудад цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр үйлдвэрлэл нь буурч байгаа нь БНХАУ-ын экспортод эергээр нөлөөлж байгаа аж.

Түүнчлэн түүхий эдийн үнэ өндөр байгаа нь БНХАУ-ын импорт нэмэгдэх гол шалтгаан гэж үзэж болохоор байгаа юм. БНХАУ-ын импортын төмрийн хүдэр болон баяжмалын хэмжээ зургаан хувиар өссөн бол үнийн дүн нь 54.5 хувиар өсжээ.