Ц.Нямдорж: Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 150 мянга орчим медаль олгоно

Цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг заалтыг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. 


Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 159 санал тус бүрээр санал хураалт явуулж байна. 


УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлжээ. 

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.Ойн хүрээнд 150 мянга орчим медаль олгох төлөвлөгөөтэй байгааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.