Цагаан хаданд байгаа тээвэрчдийг буцааж, тэг зогсолт хийхээр болжээ

Цагаан хаданд байгаа тээвэрчдийг буцааж, тэг зогсолт хийхээр болжээ

УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж, Баянзам тээвэрчдийн холбоо, тээвэрчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хийж нөхцөл байдалтай танилцсаны эцэст Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар шийдвэрлэжээ. 

Улмаар Цагаан хаданд тэг зогсолт хийхээр боллоо гэж Баянзам тээвэрчдийн холбооноос мэдээллээ. 

Авто тээврийн үндэсний төвөөс хүн тээврийн автобус гаргах бөгөөд үнэ тариф нь 80 мянган төгрөг  байхаар мэдэгдээд байна гэв.

Мөн ачаатай болон тайван зогсоолд байгаа машинуудыг татан авч зогсоолд байрлуулах ажлыг зохион байгуулахыг тээврийн компаниудад үүрэг болгожээ.  

Хятад улсын талаас 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл хилээр нүүрс тээврийн машин авахгүй байхаар шийдсэн ба энэ хугацаанд дахин ногоон бүс болгох тал дээр ажлын хэсэг ажиллах юм байна. 

Баянзам тээвэрчдийн холбооноос "Удаан царцсан тээврийн асуудал төр засгийн анхааралд орж нэг талдаа гарч, тээвэрчид хагас жил хараагүй үр хүүхэд дээрээ очихоор боллоо. Халдвар хамгаалын дэглэмээ сайтар сахиж, эмх цэгцтэй, эв нэгдэлтэй нутаг орон ар гэртээ буцаж, үр хүүхэд ар гэрийнхнийхээ нарыг гаргах аян замд нь сайн сайхныг ерөөе" гэжээ.

Цагаан хаданд гарсан нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлын мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын нийт 12 тохиолдол, үүний 11 нь Цагаан хаданд гарсан байна.