Монголоос Итали руу анх удаа газраар тээвэрлэсэн ноолуур 19 хоногийн дараа хүрлээ

Монголоос Итали руу анх удаа газраар тээвэрлэсэн ноолуур 19 хоногийн дараа хүрлээ

Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод очжээ.

Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцсон байна.

Монголын ноолуурын “Ханбогд кашмер” компани өөрийн үйлдвэрт угаасан дээд зэргийн чанартай “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий түүхий ноолуурыг Италийн ноос, ноолууран бүтэгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох “Коломбо”, “Фалконери”-ийн захиалгаар олон улс хоорондын ачаа тээврийн  машинаар Италид экспортлож эхэлсэн.

Энэ оны хэмжээнд “Ханбогд кашмер” компани “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий 400 гаруй тонн түүхий ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм.