Өмнөд Африк эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл худал болохыг тогтоожээ

Өмнөд Африк эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл худал болохыг тогтоожээ

Өмнөд Африкийн иргэн Госиаме Ситхоле 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл худал болохыг тогтоосон байна. 

2021 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Pretoria News сонинд энэ талаарх мэдээлэл гарсан бөгөөд Ситхоле долоон хүү гурван охин төрүүлсэн гэж мэдээлжээ. Хүүхдүүдийн эцэг ч хүүхдүүдээ олж хараагүй байна. Учир нь коронавирусний халдвараас сэргийлж эцгийг нь эмнэлэгт оруулаагүй гэж тэрээр уг мэдээллийг гаргасан сэтгүүлчид хэлж байжээ. 

Эмч нар болон нийгмийн ажилтнууд 10 хүүхэд төрсөн гэх мэдээллийг баталгаажуулж чадаагүй аж.  Гэтэл 10 хүүхэд төрүүлсэн гэх эмэгтэй түүний түүх үнэн гэдэгт бат зогссоор байгаа аж. Удалгүй түүнийг нөхрөө хуурсан, хүүхдүүдээ нуун дарагдуулсан хэмээн сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ. 

Энэхүү мэдээг нийтэлсэн сэтгүүлч Пит Рампеди уучлалт гуйж, 10 ихэр хүүхдийн талаарх мэдээллээ сайтар нягтлаагүй алдаа гаргалаа хэмээн залруулга хийсэн байна.

Ситхоле үнэхээр жирэмсэн байсан бөгөөд хүүхэд төрүүлсэн, гэхдээ хэчнээн хүүхэд төрүүлсэн нь тодорхойгүй байна гэж сэтгүүлч Пит Рампеди хэлсэн байна. "Би түүнээс нотлох баримт шаардаагүй юм. Түүний жирэмсэн байх үеийн  хэт авиан оношилгооны зураг, эмчийн тодорхойлолт гэх мэт зүйлсийг түүнээс шаардаагүй. Тэгэх шаардлагагүй ч байх гэж бодсон юм" гэжээ. 

Pretoria News сонины удирдлага Рампедийг энэ явдлын дараа ажлаас нь халсан байна. Рампеди нягтлаагүй мэдээлэл тараасандаа маш их харамсаж байгаагаа хэлжээ. Ситхоле одоогоор сэтгэцийн албадан эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний өмгөөлөгч эмэгтэйг суллахыг шаардаж буй гэнэ. Ситхоле хүүхдүүд нь хаана байгааг хэзээ ч хэлэхгүй гэж хэлсээр байгаа аж.

Эх сурвалж: ВВС