"Хүүхдүүд сургуульд явж, ЭЕШ өгч, тоглоомын төв орж болохгүй. Гэхдээ наадмаар морь уна!"

"Хүүхдүүд сургуульд явж, ЭЕШ өгч, тоглоомын төв орж болохгүй. Гэхдээ наадмаар морь уна!"

Хүүхдүүд сургуульд явахгүй, ЭЕШ өгөх эрхгүй, тоглоомын төв орж болохгүй ч наадмаар морь уна гэж болно гэж үү? Мөн 12-оос доош насныхныг дархлаажуулалтад хамруулж эхлээгүй байгаа энэ үед хурдан морины уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэр нь цар тахлын үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна гэж олон нийт, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүмжилж буй юм. Бид энэ талаар олон талын байр суурийг хүргэж байна.

ХАЛДВАР ТУСАХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ НЬ ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал тус саналд “Хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Түүнчлэн зургаадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг “Их цагаан хөтөл” гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол гарч аймаг, сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлган, бөөгнөрөл үүсгэж, улмаар халдвар авах, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх нь хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд үл нийцэж байна” гэжээ.

"Лантуун дохио" ТББ-аас хурдан морины уралдаан зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг шүүх энэ сарын 6-нд хэлэлцэнэ. Мөн дараах мэдэгдлийг гаргасан юм.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр “Засгийн газрын 171-р тогтоолын 2,3-р заалтыг эсэргүүцэж хуульчидтай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний мөрөөр буюу наадам зохион байгуулах тухай шийдвэрийг цуцлахыг шаардаж буй юм. Хүүхдийн дээд эрх ашгийг ноцтой зөрчсөн Засгийн газрын асар алдаатай шийдвэр гэж үзэж байна. Аймаг сумаас маш олон морь, үүнийг дагаад тийм тооны унаач хүүхдүүд, асран хамгаалагчид ирнэ.

Унаач хүүхдүүд дархлаажуулалт хийлгээгүй байгаа тул халдвар авах асар эрсдэлтэй. Засгийн газар цар цар тахлын тархалт өндөр үед хүүхдүүдийг энэ аюултай нөхцөл рүү түлхэж байна. Урлаг соёл, уяачид, унаач хүүхдүүд, хэвлэлийнхэн гээд маш олон мянган хүний бөөгнөрөл үүсэх тул маш эрсдэлтэй бүс болох нь ойлгомжтой шүү дээ. Энэ асуудлыг анхаарлаа хандуулаач гэж Монгол улсад суугаа Элчин сайдууд, болон холбогдох 30 орчим байгууллага руу албан бичиг илгээсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгээс дараах тайлбарыг өгсөн юм.

НЭГ НАСАНД 1000 ХҮРТЭЛХ МОРЬ УРАЛДАНА ГЭЖ ТООЦООЛОН БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн гишүүн н.Анхбаяр: “Одоогоор унаач хүүхдүүдийн бүртгэлийг хийж эхлээгүй байна. Өмнөх жилүүдэд дээд тал нь нэг насанд 700 морь гараанд гарч байсан. Энэ жил энэ тоо 1000 хүрэх болов уу гэж таамаглаж, унаач хүүхдүүдийг тусгаарлах майхан, асраа бэлтгэж байна. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зургаадугаар сарын 30-ны өдрийн 02 тоот албан даалгаврын дагуу халдвар хамгааллыг сахиулж ажиллана. Монголын морин спорт, уяачдын холбооноос хөдөө орон нутаг руу холбогдох мэдээллийг дамжуулж байгаа юм. Наадмын хөтөлбөр бэлэн болсны дараа долоодугаар сарын 5-нд бид бэлтгэл ажлын тухай хэвлэлийн бага хурал хийж мэдээлнэ” гэв.

Хурдан морийг хүүхдээр унуулах нь хүүхдээр “Тэвчишгүй хөдөлмөр” эрхлүүлж буй ноцтой зөрчил болохыг Шүүхээс 2018 онд тогтоож, Засгийн газраас дахин энэ төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх тухай холбогдох тогтоол гаргасан.

Гэвч “уламжлал, зан заншил” нэрийн дор хүүхдийн эрхийг зөрчих нь “хэвийн” гэх үзэгдэл олон нийт төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд байсаар байгааг хуулийн байгууллагынхан хэлж буй юм. Унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар мэргэшин ажиллаж буй өмгөөлөгчөөс байр суурийг хүргэе.

НААДМЫН ДАРАА ХЭДЭН ХҮҮХЭД ӨВДӨЖ, ЯМАР ХҮНДРЭЛ ҮҮСЭХИЙГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ

"Хөгжлийн шийдэл" ТББ-ын өмгөөлөгч Х.Баасанжаргал "Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн амь насанд аюул учруулахуйц нөхцөлд наадам цэнгээн зохион байгуулахыг хориглох тухай заалт бий. Гэтэл эрх баригчид Үндэсний баяр наадмын тухай хуулиар зөвшөөрөгдсөн гэж өөрсдийгөө хамгаалж байна. Цар тахлын тархалт өндөр байгаа энэ үед хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдүүдийг эрсдэлд оруулж,  хууль зөрчиж буй юм. Эрэмбэлээд үзвэл хүүхдийн амь нас наадмаас илүү үнэ цэнтэй баймаар. Ковидын тухай хуульд өндөр настан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгийн түрүүнд эрсдэлээс хамгаална гэж заасан. Багаар бодоход нэг насанд 200 морь гарлаа гэхэд 200 унаач хүүхэд, 200 уяач цугларна гээд тооцоход нэг хүүхэд 400-600 хүнтэй хавьталд орох багцаа гарч байна. Мөн тэдгээр уяач, харваач, унаач хүүхдүүд хөдөө орон нутаг руу буцаад явна. Аймгийн төвд амьдардаг унаач хүүхэд ховор шүү дээ.

Тэгэхээр халдварын нууц үедээ буцвал сум, багт халдвар тархаж, нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй. Наадмын дараа хэдэн хүүхэд өвдөж, ямар хэмжээний хүндрэл үүсэхийг бид хянаж чадахгүйд хүрнэ. Одоо эмч, эмнэлгийн үйлчилгээ асар ачаалалтай байгааг бүгд мэдэж байгаа. Хүүхдийн тусламжийн 108 утсанд сунгааны үеэр хүүхэд гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй. Харин 9000 орчим морь ирэх нь ээ.  Энэ хэмжээний хүүхдүүд энд ирэх тул анхааралдаа аваач гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна лээ. Өнгөрсөн жил сум, аймгийн наадам тусдаа болоход л нийт 2000 гаруй морь уралдсан. Энэ жил 100 жилийн ой, орон нутгийн наадмыг хойшлуулсан тул бүр олон хүн, морь цугларвал халдварын тархалт бүр ихэснэ шүү дээ”  гэсэн мэдээллийг өглөө.

Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Энэ талаар долоодугаар сарын 5-нд мэдээлэл хийнэ" гэлээ.