Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Монгол Улс зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан, 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төсөл болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, био бэлдмэлийн төв агуулахын өргөтгөлийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцов.

Энэхүү өргөтгөл нийт 1686 ам метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай. Мөн өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ.  Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах боломжтой болсон байна.

ПЭТ компьютер томографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов

Үүний дараа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютер томографи оношилгоог Монголд хийж эхлэхээр боллоо. Монголчуудын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байр эзэлж байна. Энэ оношилгоо нь эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгал арилж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулах бодит үр дүн гарна гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаадад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ. Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.