Азын дугаарын дуудлага худалдаанаас олсон 2 тэрбум төгрөгийг хүүхдэд зарцуулна

Азын дугаарын дуудлага худалдаанаас олсон 2 тэрбум төгрөгийг хүүхдэд зарцуулна

Азын дугаарын дуудлага худалдаагаар хуримтлагдсан 2 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө тусгай санд байршуулахаар боллоо. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын  2020 оны А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж хүүхдийн төлөө тусгай санд байршуулах болсон. 

Энэхүү дуудлага худалдааны хүрээнд хуримтлагдсан нийт мөнгөн дүнг төвлөрүүлсэн батламжийг гардууллаа. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Зам тээврийн яамнаас азын дугаарууд борлогдож орж ирсэн орлогууд хагас жилийн байдлаар 2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цаашид шинэ дугаарууд худалдаанд гарах үеэр хүүхдийн төлөө сан маань арвижаад явах боломжтой боллоо. Дуудлага худалдаанаас олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Түүнчлэн сүүлийн үед зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо маш их байна. Тэгвэл хүүхдийн зам тээврийн осолд орох эрсдэлээс хамгаалахын тулд сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтуудад зарцуулах нь зүйтэй гэсэн шийдвэрүүдийг гаргаж байна" гэлээ.