Ерөнхийлөгч гурван Элчин сайдыг эгүүлэн татах санал оруулж, УИХ дэмжлээ

Ерөнхийлөгч гурван Элчин сайдыг эгүүлэн татах санал оруулж, УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Монгол Улсаас гадаадад суугаа зарим Элчин сайдыг татах саналыг УИХ-д танилцуулав.  Тэрбээр

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг эргүүлэн татаж, Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилох саналыг танилцуулав.

    Л.Пүрэвсүрэнг 2017 оны тавдугаар сард ГХ-ны сайд асан Д.Цогтбаатар УИХ-д танилцуулан, Элчин сайдаар илгээжээ.   

Чуулганы хуралдаанд ГХ-ны сайд Б.Батцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.    

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татахыг саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Өмнөд Солонгост амьдардаг 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулсан хэрэгтэй холбогдуулан иргэдийн зүгээс Элчин сайдын яам, консулын алба хангалттай ажлаа хийж чадахгүй байна гэсэн гомдол их иржээ. Үүнтэй холбогдуулан дээрх хүмүүст хариуцлага тооцуулахаар Гадаад харилцааны яамнаас саналыг хүргүүлсэн нь энэ юм.

Өчигдөр болсон Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  (2022.01.17) нэр дэвшигчдийг дэмжсэн юм.

Нэр дэвшсэн элчин сайдууд

Нэр дэвшсэн элчин сайдууд

УИХ-ын гишүүд шинээр томилогдох элчин сайд нараас монгол иргэдийнхээ талаар мэдээлэл сайн цуглуулах, тэдэнд анхаарал хандуулах, хилийн чанадад амьдардаг хүүхдүүдэд монгол хэлний хичээл заах, тухайн орныхоо хэлийг сайн эзэмшсэн хүмүүсийг Консулын газарт ажиллуулах зэрэгт анхаарч ажиллахыг хүсэв.

ГХ-ны сайд Б.Батцэцэг элчин сайд тус бүртэй гэрээ байгуулж, тодорхой үүрэг даалгавар өгч илгээдгийг онцлов.   

Мөн элчин сайд нар тухайн улсдаа жижүүрийн ажил хийж, ГХЯ руу мэдээлэл илгээхээс өөр дорвитой ажил хийхгүй байгааг шүүмжилж, манай иргэд асуудалд орсны дараа биш, урьдаас урьдчилан сэргийлэх ажил хийх хэрэгтэй сануулав.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Жилд 92 тэрбум төгрөгийн зардлыг гадаад дахь дипломат байгууллагуудад төсөвлөдөг. Эдгээрт ажилладаг дипломат ажилтнуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байдаг. Мөн цөөн хүнээр их ажил амжуулж байдаг. Жишээ нь өнгөрсөн онд вакцины татан авалт, зарим эмийн татан авалтад дипломат ажилтнууд идэвхтэй үүрэг гүйцэтгэн ажилласан.

Гэхдээ улс төрийн томилгоо хийсэн, гадаад хэлний мэдлэг тааруу ажилтан илгээсэн гэх шүүмжлэл гардаг. Би энэ шүүмжлэлийг хүлээн авна. Иймд энэ жилээс дипломат ажилтнуудад тавих шаардлагыг өндөрсгөнө. Төвөөс Элчин сайд нарыг удирдлагаар сайн хангаагүй тохиолдол ч гарсан” гэв.

Элчин сайд нартай байгуулсан гэрээнд дөрвөн жилийн хугацаанд хийх ажлууд, хөрөнгө оруулалт, гадаад тусламж зээлийг хэрхэн татах талаар ч тусгажээ.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь нэр дэвшсэн Элчин сайд нарыг дэмжлээ. Чуулганы хуралдаанд 52 гишүүн оролцов. Чуулганы хуралдааны шийдвэрийг УИХ-аас Ерөнхийлөгчид албан бичгээр хүргэхээр тогтов.