Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгалаа

Н.Түвшинбаяр Э.Энхбат нарын зодоон болсон өрөөний зураг ил боллоо



Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Түвшинбаяртай холбоотой хэргийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгуулах тухай саналыг 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 14-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. 

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэсэн байна. 

Яллагдагч Н.Түвшинбаярт

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “,
  • Мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Ташрамд дурдахад, түүнийг цагдан хорих хугацааг дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм.