Холливудын жүжигчин АНУ дахь Монгол Улсын Соёлын элч боллоо

Холливудын жүжигчин АНУ дахь Монгол Улсын Соёлын элч боллоо

Элчин сайд Ө.Батбаяр АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Шин Кояамада-д Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Шин Кояамада нь “Сүүлчийн самурай” Холливудын кинонд тоглосон жүжигчин ба Диснейн сувгийн анхны кино болох “Wendy Wu Homecoming Warrior”-т тоглосон нь АНУ, Ази, Европ дахь хамгийн алдартай Диснейн сувгийн киноны нэг болсон билээ.

Тэрээр Лос Анжелес хотод төвтэй АНУ-ын бие даасан продакшн болох “Shinca Entertainment”-ийн гүйцэтгэх захирал, продюсер бөгөөд 15 гаруй жилийн турш кино, шоу, комикс, аниме болон дижитал кино зэрэг олон улсын анхаарлыг татсан энтертайнмент контентуудыг хийж ирсэн нэгэн билээ. Түүнчлэн 2008 онд Лос-Анжелес хотод үүсгэн байгуулагдсан, дэлхийн өнцөг буланд салбартай, НҮБ болон бусад олон улсын нэр хүндтэй ТББ-уудтай хамтран ажилладаг Коямада олон улсын сангийн (KIF Global) үүсгэн байгуулагч юм.

Сүүлийн 20 жилийн турш Холливудын олон кино, шоунд тоглосон Шин Кояамада нь Монгол Улстай дотно харилцаатай нэгэн бөгөөд түүний туршлага, зүтгэл нь Монгол-Америкийн соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй хэмээн үзэж байгааг Элчин сайд онцлон тэмдэглэв.