ИНЕГ: Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар зарим тохиолдолд $70,000 хэмнэж байна

зураг


Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж буй.

Иймд цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байгаа аж.

Тухайлбал, өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь тухайн нисэх буудалд газардах, бэлтгэл нисэх буудал руу нисэх шийдвэрийг тухайн нисэх буудлын хөөрөх буух зурвас дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан гаргадаг.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болбол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байв.

Өмнө нь Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт долоон цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаагаас гадна зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.