Шинзо Абэгийн зүрх, уушги зогссон байдалтай байна гэв

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.

skip-share

АНУ түүний сайн сайхны төлөө залбирч байна

Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр буудуулж цус алдан, эмнэлэгт хүргэгдсэн гэж  NHK мэдээлэв.  Халдлага гарах мөчид тэнд байсан хүмүүс хоёр удаагийн буун дуу сонссон байна. Гэмт этгээдийн буудсан эхний сум оноогүй ч харамсалтай нь хоёр дахь сум ноён Абэгийн нуруунд тусжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар түүний гарт маш том буу байсан гэв. Дараа нь хамгаалалтын албаныхан халдлага үйлдэгчийг баривчилсан бөгөөд тэрээр зугтахыг завдаагүй аж. Орон нутгийн NHK телевизийн мэдээлснээр цагдаа нар түүний бууг хураан авч, хэн болохыг нь тогтоожээ.

Токиогийн амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа "Ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа" гэж мэдэгджээ.

АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рахм Эмануэль хэлэхдээ, "Ноён Абэ бол Япон Улсын шилдэг удирдагч, АНУ-ын хувьд итгэлт түнш бөгөөд АНУ түүний сайн сайхны төлөө залбирч байна" гэжээ.

Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан ноён Абэ эрүүл мэндийн шалтгаанаар 2020 онд ажлаа хүлээлгэн өгсөн. Хожим нь тэрээр гэдэсний шархлаат өвчнөөр дахин өвдсөн юм. Түүний халааг түүний намын холбоотон Ёшихидэ Суга авсан ч дараа нь Фумио Кишида Ерөнхий сайд болсон.

Гар буу хэрэглэхийг хориглодог Япон улсад буутай холбоотой гэмт хэрэг ховор тохиолддог байна. 2014 онд Японд бууны улмаас амиа алдсан тохиолдол ердөө зургаа бүртгэгдсэн бол мөн онд АНУ-д 33,599 тохиолдол бүртгэгдэж байв. Хүмүүс буу худалдаж авахын тулд хатуу шалгалт, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байдаг ба зөвхөн хийн буу хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Эх сурвалж: NHK, BBC