Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авлаа.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Би Олон улсын валютын сан (ОУВС)-гийн төлөөлөлтэй уулзлаа. ОУВС-гаас энэ хуулийн төслийн 13 зүйлд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Засгийн газар, ОУВС хооронд таван тэрбум ам.долларын хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Хэлэлцээр эсэцлэн батлаагүй байгаа энэ үед Хөгжлийн банкны болоод, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй. Тиймээс хуулийн төслийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчилсөн үедээ ээлжит бус чуулган зарлаад батлах нь зөв” гэлээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, “Бид ОУВС-г энэхүү хуулийн төсөлд саналаа өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн оны 11 сард явуулсан. ОУВС-ийн төлөөлөгчид өнөөдөр өглөө надад 13 зүйл бүхий заалтыг өгсөн” гэсэн тайлбар хэлэв.

Ийнхүү хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа тул нэг хоногийн завсарлага авч байна" гэлээ. Түүнийн хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг маргааш буюу энэ сарын 10-ны хуралдаанаар хэлэлцэх болов.