Өнөөдрөөс дараах татварууд нэмэгдэнэ

Энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ дараах татваруудыг нэмсэн. Эдгээр нь

  • Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татварыг анх удаа ногдуулав.
  • Авто машины онцгой албан татвар (авто машины насжилт, цилиндрийн багтаамжаас хамааран 3-15 хувийн татвар нэмж ногдуулна.)
  • Импортын тамхины гаалийн татвар

Өнөөдрөөс эхлэн дээрх татваруудыг шинэчилсэн хуулийн дагуу ногдуулж эхэлнэ.

Сангийн сайд хэд хэдэн төрлийн татвар нэмэх талаар өнгөрсөн хоёрдугаар сард анхлан мэдээлсэн. УИХ-ын чуулганы хаврын чуулганаар хамгийн түрүүнд дээрх нэмэгдлүүдийг хэлэлцэж, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хувилбараар баталлаа.

Өнгөрсөн хугацаанд дээрх татваруудаас автомашины импортын онцгой албан татвар хамгийн их эсэргүүцэлтэй тулгарав. Машин импортлогчид хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийн, хуулийн хугацаа хэт давчуу, бэлтгэл хийх боломж олгоогүй гэсэн юм.

Харин Засгийн газар авто машины онцгой албан татварыг нэмснээр улсын төсвийн орлогыг нэмэх, авто машинаас ялгарах хорт утааг бууруулах, хуучин авто машинуудыг хэрэглээнээс гаргах зэрэг олон талын давуу талтай гэж тайлбарлав.