ОУВС-гийн асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоотойгоор үүссэн асуудлыг хэлэлцэж байсан ч завсарлаж, маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Гэхдээ энэ долоо хоногт багтаан Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг эцэслэн шийднэ гэдгээ бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлж байна.


Олон улсын валютын сангаас Монголын асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан шалтгаанаа “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн УИХ-ын тогтоолтой холбоотойгоор тодруулах зүйл бий боллоо” гэсэн албан бичиг ирүүлсэн юм байна.

Бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар концессын гэрээгээр хийгдэхээр төлөвлөгдсөн асуудлын талаар мэдээлэл сонсчээ.

Засгийн газар байгуулагдсанаас хойш концессын гэрээгээр 10 ажил хийхээр төлөвлөснөөс ес нь өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан ажил бол зөвхөн нэг гэрээ л шинээр хийхээр оруулж ирсэн аж. Ингэхдээ нөхцөлийг нь илүү уян хатан болгож, төсөвт өртгийг буруулсан зэрэг давуу талууд бий гэнэ.

Гэхдээ үүнээс алийг нь зогсоох вэ, алийг нь эхлүүлэх вэ гэдгээ дахин Засгийн газар дээрээ нягталж шийдэхээр болжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд концессын гэрээгээр 11.1 их наяд төгрөгийн ажил хийгдсэн байгаа бөгөөд Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн дагуу аудит хийлгэх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

Хоёр дахь асуудал нь төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцын талаарх мэдээллийг сонссон аж. Ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр төв цэвэрлэх байгууламжийн ажил хоёр сарын дараагаас эхлэхээр болж буй юм байна. 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.