Гадаад харилцааны сайд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ. Манай улсын Гадаад харилцааны сайд 2000 онд Европын Холбоонд айлчилснаас хойш 17 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

Айлчлалын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Тэрбээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле болон гишүүд, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Европын Холбооны Худалдааны Комиссарын орлогч Мариа Асениус нартай тус тус уулзахын сацуу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ.

Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын худалдааны гуравдахь гол түнш болох Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр талын худалдааны эргэлт 2016 онд 1 тэрбум орчим ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 646,3 сая ам.доллар, импорт 373,3 сая ам.доллар байв.

Хоёр талын харилцааны үндсэн механизм болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан.