Элчин сайдуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Штефан Херманн Дуппел, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такенори болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд У Сун нартай тус тус уулзлаа.


Эдийн засгийн байнгын хорооны дарга уулзалтын эхэнд Элчин сайд Штефан Херманн Дуппелтэй хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод соёл боловсролын салбарын харилцааны талаар санал солилцсон юм.Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Хархорины археологийн малтлагын талаар хөндөн, археологийн үнэт олдворуудаар Германд үзэсгэлэн гаргах саналтай байгаагаа дурдсан.Түүнчлэн хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааны гол механизм болсон Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааны талаар өөрийн саналыг илэрхийлж, удахгүй тус оронд хийх албан ёсны айлчлалынхаа талаар мөн мэдээлэл өгсөн юм.

Элчин сайд Штефан Херманн Дуппел, Герман-Монголын олон жилийн түүхийн улбаатай харилцааг үргэлжлүүлэхээс гадна улстөр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг өргөжүүлэх нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн.Түүнчлэн тэрбээр олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хоёр орон чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдаад, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


Мөн өдөр Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Япон Улсын Элчин сайд Шимизү Такенори болон БНСУ-ын Эрхт Элчин сайд У Сунтай уулзлаа.Тэрбээр Элчин сайдуудтай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон юм.