Импортын барааны гарал үүслийн дүрэм ирэх оноос хэрэгжиж эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Сангийн сайд Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуульд заасны дагуу тухайн оны IX сарын 15-ны дотор дараа оны төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм.

- УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

- Шивээхүрэн боомтын төмөр замын суурь бүтэц барих төсөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордонтой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

- Импортын барааны гарал үүслийн дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.

- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.

- Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.