“Намрын ногоон өдрүүд-2016” нээлтээ хийлээ

“Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг юм.


“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар 11 дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочдын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, жимс, жимсгэнэ, ногоо, мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хот, тариан талбайгаас шууд хэрэглэгчийн гарт хүргэх сүлжээг бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэснээр нийслэлийн 1.3 сая иргэн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэхийн зэрэгцээ малчин, тариаланч, ногоочдын орлого нэмэгдэх ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн. Нээлтийн ёслолын төгсгөлд хүндэт зочид тууз хайчилж, зохион байгуулагчдын зүгээс энэ намрын ургацын дээж тариан түрүүг бэлэглэв.