Мэргэжлийн танхимын яамдад зочлоорой


Мэргэжлийн хэмээх тодотголтой МАНын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгосон. Тус намынхан АН-ын үед байсан яамдын тоог цөөрүүлж бусадтай нь нэгтгэж, нэрийг нь өөрчлөн байгуулах замаар танхимаа бүрдүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 15 яамыг чиглэлээр нь нэгтгэж 13 яам, Ерөнхий сайд, Шадар сайд гэсэн бүтцээр ажиллахаар багаа бүрдүүлэв.

Мөн 13 дэд сайд, Засгийн газрын тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар эцэслэн баталсан юм. Байгаль орчин, аялал жуулчлал, Гадаад харилцаа, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн таван яамыг ерөнхий чиг үүргийнх болгосон.

Харин үлдсэн найм буюу Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамд чиглэлийнх байх юм.

Шинэ Засгийн газрын бүтцээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам, Хуульзүйн яамыг Хуульзүй дотоод хэргийн яам, Уул уурхайн яамыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яамыг Зам тээврийн хөгжлийн яам байхаар өөрчлөв.

Харин зарим яамдыг нэгтгэхдээ Хөдөлмөрийн яамыг Нийгмийн хамгааллын яамтай, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамыг нэгтгэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болгосон бол Эрүүл мэндийн яамнаас спортын гэдэг үгийг салгаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгосон юм.

Ингээд сонгуулийн үр дүнд нэршил, бүтэц, байршлын цөөнгүй “шуурганд” өртсөн мэргэжлийн Засгийн газрын яамдыг шинжиж, удирдлага, байршлынх нь лавлагааг хүргэе. Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохоор сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм. Тиймээс үүрэг гүйцэтгэгч нарыг танилцуулж байна.