АН-ыг бүлэг эрүүгийн хуулийн асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг тус хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж буй нь буруу хэмээн үзэж, ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн юм. Харин эрх баригч намын гишүүд тус хуулиудыг 2016.09.01-нээс хэрэгжиж эхлэх тул сөрөг хүчин тав хоногийн завсарлага авбал хууль эзэнгүйдэхэд хүрнэ гэсэн байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийлсэн юм.


Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын үблгийн дарга С.Эрдэнэ"Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэрэгжихийг маш олон хүн хүлээж байна. Ялангуяа эмэгтэйүчүүдийн хорих ангиас энэ хууль хэрэгжсэнээр маш олон хүн гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдож, суллагдах учиртай. Тийм байтал эцсийн хэлэлцүүлэг дээр яваа дагалдах хуулиудыг батлаагүй нэрээр хойшлуулж байгаа нь буруу. Хойшлуулахдаа ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр гэж буй нь цаанаа улстөрийн зорилготой. Тиймээс завсарлагыг хуулийн дагуу олгож өгнө үү? Манай бүлэг Хуульзүй, дотоод хэргийн сайдаас яагаад хойшлуулж буй шалтгаанаар мэдээлэл сонсмоор байна" гэсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хуульзүй,дотоод хэргийн сайдын тайлбарлаж буйгаар эдгээр хуулиудыг шууд хэрэгжүүлээд явахад бэлтгэл ажил дутуу байна. АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчих юм бол хууль хийдэх аюултай. Та бүхэн ажлаа хийхгүй байвал бид олонх болсон мандатаараа хүчээр хойшлуулаад явна шүү" гэлээ. Ингэснээр Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгч, дараагийн хэлэлцэх асуудал руу орсон юм.