Парламентын ордноос түлэнхийн эмнэлэг "болсон" түүх


Кувейтийн Засгийн газраас манай улсад парламентын шинэ ордон барьж өгөхөөр 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргаад арван жил болж байна. Түүх сөхвөл, 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Кувейтийн Засгийн газраас дээрх буцалтгүй тусламжийг үзүүлж, парламентын шинэ ордон барих харилцан ойлголцлын санамж бичигт Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн орлогч захирал Хешам Аль-Вакаян, Сангийн сайд Н.Баяртсайхан нар гарын үсэг зурж байлаа.

"Буцалтгүй тусламжийн зориулалтыг өөрчилж болохгүй"
Улмаар шинэ ордны буурь болгож гурван ч газар товлоод байв. Үүнд нь төрийн тусгай хамгаалалттай Богд уулын Их тэнгэрийн ам, одоогийн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн болон Хүүхдийн урлан бүтээх төвийн ар талд барих боломжтой хэмээн үзэж, Засгийн газарт санал хүргүүлсэн юм.
Үүнээс Төрийн ордны хойд цэцэрлэгт хүрээлэнд парламентын шинэ ордон барих хувилбар дэмжигдэж, 2011 онд ажлыг албан ёсоор эхлүүлсэн байдаг. Гэвч УИХ-ын зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарснаар энэ ажил бүрэн зогссон юм.
Товчхондоо, ногоон байгууламжийг устгах гэж байна гэх шүүмжлэл гарснаар энэ ажил гацаанд орсон гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, парламентын шинэ ордонтой болоход Кувейтийн Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн ч, 1.5 сая кв.км газар нутагтай монголчууд “газар олдохгүй байна” хэмээн арван жил зүгээр суусан юм.
Угтаа бол 1951 онд баригдсан манай улсын парламентын ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй, хэсэгчлэн нурж унах аюултай гэх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараад багагүй хугацаа өнгөрч байна. Иймд Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд парламентын шинэ ордон барих төслийг ажил хэрэг болгохоор өнгөрсөн парламентад УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
Ажлын хэсэг парламентын шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судалгаа хийгээд дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн аж. Уг дүгнэлтэд шинэ ордны барилгын байршил өөрчлөгдөөгүй бөгөөд зураг төсөл дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар “Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн ард талын талбайн гуравны нэг орчимд баригдахаар төлөвлөсөн.
Үлдсэн талбайд нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Төрийн ордны баруун, зүүн талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгохоор ярилцсан. Үүний доод талд нь 2-3 давхар автомашины зогсоол байхаар төлөвлөж байна. Ерөнхийдөө судалгаа хийж үзэхэд ордны орчмын ногоон байгууламжийн хэмжээ хорогдохгүй. Харин нэмэх тооцоо гарсан. Санхүүжилтийн хувьд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгсөн 12 сая ам.доллар хүрэлцэхгүй байгаа учир дахин 54 сая ам.доллар нэмж хүссэн албан тоот явуулсан.
Энэ асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Хэрэв Кувейт улс 54 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх боломжгүй гэвэл дотоодын нөөц бололцоогоор уг хөрөнгийг гаргана” хэмээн тайлбар өгч байсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт хүргүүлжээ. Энэ дагуу Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан ч мөн л ажил нь урагшлаагүй аж.
Төрийн ордны хойд цэцэрлэгт хүрээлэнд парламентын шинэ ордон барих хувилбар дэмжигдэж, 2011 онд ажлыг албан ёсоор эхлүүлсэн байдаг.
1.5 сая кв.км газар нутагтай монголчууд “газар олдохгүй байна” хэмээн арван жил зүгээр суусан.
Төсөв мөнгөний хүндрэлтэй байгаа Монгол Улсад парламентын ордноос илүү түлэнхийн төвийн барилгын хөрөнгө нэн тэргүүнд хэрэгтэй байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн учирласан аж.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн мягмар гарагт Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзахдаа дээрх буцалтгүй тусламжийг эмнэлгийн барилга барихад зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, төсөв мөнгөний хүндрэлтэй байгаа Монгол Улсад парламентын ордноос илүү түлэнхийн төвийн барилгын хөрөнгө нэн тэргүүнд хэрэгтэй байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн учирласан аж.
Харин энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулахад “2006 онд Кувейтийн Засгийн газраас манай улсыг парламентын шинэ ордонтой болгохоор 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Гэвч газрын асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар парламентын шинэ ордны зураг төсөл л бэлэн байна. Гэхдээ Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн зориулалтыг өөрчилж болохгүй гэж бодож байна” гэлээ.