Оффшорт данс эзэмшихийг хориглохтой холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Офшор зурган илэрцүүдСүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.

Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.

Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ.