Эзгүйрсэн сайдын суудалд яригдаж буй эрхмүүд


Р.БУД

Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулийн дараагаас Зам тээврийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байгаа. Авто замаар “овоглодог” тэрээр У.Хүрэлсүхтэй ч, М.Энхболдтой ч ойр дотно. Зам тээврийн салбарт шинэ хүн биш. Энэ салбарын сайн мууг бүгдийг нь мэднэ. Морь уях хоббитой.

Б.ЦЭНГЭЛ

Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар 2017 онд томилогдсон. Тэрбээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Зам тээврийн салбарт бас л шинэ хүн биш. Эрх зүйч мэргэжилтэй.

Ц.ЦЭНГЭЛ

Экс сайд Ж.Бат-Эрдэнэтэй нэг нутгийнх. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Эрчим хүчний сайдаар яригдаж байсан ч БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга дээр буусан. Эрчим хүчний инженер. Зам тээврийн салбарт мөн л шинэ хүн биш. Энэ салбарыг өмнө нь толгойлж байсан. Түүний CV-г харахад Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан байна.

Л.ЭНХ-АМГАЛАН

УИХ-ын дэд дарга. Түүний нэр зам тээврийн хөгжлийн сайдад сонсогдож буй. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд сайдын 'давхар дээл' өмсч байгаагүй. М.Энхболдын парламент дотроо л зангарагтай, эдийн засгийн мэдлэгтэй гишүүдийн нэгд тооцогддог. Гэхдээ Л.Энх-Амгалан гишүүний зүгээс өөрөө нэр дэвших бодолгүй, өрсөлдөхгүй байр суурьтай байгааг эх сурвалж хэлж байна.