Ц.Нямдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олох ёстой

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн байна. Тэрбээр энэ талаар өнөөдөр /2016.09.29/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, хувьчлалын асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг хэвлэл мэдээллийнхнээс хүссэн юм.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурдын эхэнд “УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байсан. Энэ ч үүднээс асуудалд хандаж Ерөнхий сайдад санал хүргүүлэх болсон” гэдгээ онцлов.

Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 28-нд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлыг шалгаж дүнг танилцуулах чиглэл Засгийн газарт өгөгдсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын захирамж гарч таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, наймдугаар сарын 05-ны дотор шалгалтын дүнг танилцуулах үүрэг өгөгдсөн боловч нааштай шийдвэр гарсангүй гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр хэллээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар нөхцөл байдлыг судалж үзэхэд дээрх үйлдвэрүүдийг удирдах бүх эрх мэдэл нь 49 хувийг худалдаж авсан гэх “Монголиан коппер корпораци” болон Худалдаа хөгжлийн банкны удирдлагад шилжиж, төрийн эзэмшлийн 51 хувийг Засгийн газар бүрэн алдсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний 50 хувийг болон ТУЗ-ийн даргаар нь цөөнхийн төлөөллийг томилж, төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Б.Шинэбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсныг Худалдаа хөгжлийн банк болон “Монголиан коппер корпораци”-ийн эрх ашгийг хамгаалагч болсон гэж үзэхэд хүргэж байна гэлээ. Иймээс тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараах саналыг хүргүүлсэн байна.

Үүнд:

-Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүнг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх,

-Сангийн сайд асан Б.Болорын 2016 оны 06 дугаар 27-ны өдрийн н/255, н/256 дугаар тушаалыг хүчингүй болгох,

-Дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин эхнээс нь зохион байгуулах,

-“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет нэгдэлд” төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийн шинээр томилж ажилд оруулах,

-Дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийг байгуулах, гүйцэтгэх удирдлагыг томилох, дүрмийг батлахдаа 51х49 гэсэн харьцааг хатуу баримтлах,

-Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монголиан коппер корпораци” ямар эх үүсвэрээр худалдаж авсан болон хууль ёсны байсан эсэхийг онцгойлон анхаарч шалгалтаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг шударга болгож, Монгол Улсын төрийн 51 хувийг үнэгүйдүүлэхгүй эзэнтэй байлгаж, ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.

2016 оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлснийг харьцуулахад энэ үйлдвэр яаж ажиллаж байгаа нь харагдаж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.