2014 онд төрсөн БҮХ ХҮҮХЭД цэцэрлэгт хамрагдах боломжтой


Нийлэлийн боловсролын газар цэцэлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. Улсын цэцэрлэгүүдийн бүртгэл энэ сарын 22-26-ны өдрүүдэд ажлын цагаар явагдана. Цэцэрлэгийн бүртгэлд 2014 онд төрсөн бүх хүүхдийг шинээр бүртгэнэ. Мөн өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм байна.

Бүртгэхдээ өмнөх жилийн жишгээр "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тус тасалбараар наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна.

Нийслэлд цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байна. 2016-2017 оны хичээлийн жилд 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар Нийслэлийн боловсролын газраас зорилт тавьж ажиллаж байгаа аж.

2016-2017 оны хичээлийн жилд нийт 31 цэцэрлэгийг шинээр байгуулжээ. Эдгээрийн зарим нь өргөтгөл хийсэн цэцэрлэгүүд. Ингэснээр 3900 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжтой болж байна. Мөн шинээр 44 хувийн цэцэрлэгт 2225 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших аж.

"Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал 39700, төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүчин чадал 23445. Ингээд нийтдээ 63125 болж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлаа 1.8 дахин ашиглаад 101 мянган хүүхдийг цэцэрлэг хамруулна" гэж Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Ингэснээр цэцэрлэгийн гадна 43 мянган хүүхэд үлдэж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгт ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ гаргасан байна. Үүнд:

  • Цэцэрлэгүүдэд бүртгэлийг элсэлт бүртгэлийг нэг хувилбар болох "Элсэлтийн тасалбар" үйл ажиллагаагаар зохион байгуулах
  • 2014 онд төрсөн бүх хүүхдийг шинээр бүртгэх. Өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах
  • Нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх
  • Элсэлтийн бүргтгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх зэрэг чиглэл өгч байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хоёр настай 19 мянган хүүхдийг цэцэрлэгт авахаар төлөвлөж байгаа аж. Эдгээрээс нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 9753 хүүхдийг элсүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан. Үүний дагуу ажиллана гэж Ц.Жаргалантуул хэллээ.

Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, тухайн хүүхэд бүтэн юмуу хагас өнчин зэрэг тодорхой шалгууруудыг харгалзан хүүхдүүдийг цэцэрлэгт шууд элсүүлэх юм байна.