Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Өчигдрөөс эхлэн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн есдүгээр сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан билээ. Хуульд зааснаар сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилж, санал хураалт аравдугаар сарын 19-нд болно.

Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй мэдээллээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл нэр дэвшигчдээ “сойн” өрсөлдөж байна.


Нийслэлийн есөн дүүрэг дэх мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвсэл гарвал иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Энэ нь иргэдийн зүгээс нэр дэвшигчдэд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм.

Хууль бус сурталчилгаа явуулж, эд мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдлыг баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг урамшуулах тогтолцоотой. Тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр иргэнийг урамшуулах хуулийн заалт үйлчилж байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хууль бус сурталчилгаа явуулж, эд мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдлыг иргэд баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.