Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь даваагаа авлаа


Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Тэмцээний тав дахь өдрийн барилдаан энэ цагт өндөрлөж, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшогоор хоёр дахь даваагаа авлаа. Тамавашигийн хувьд таван барилдаанаас хоёр даваа аваад байна.

34 настай Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртсэн юм. Тэрбээр 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж, монгол бөхчүүдийн амжилтыг үргэлжлүүлсэн. Энэ сарын тэмцээнд олон даваа авах зорилготой барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил эхний таван барилдаанаас хоёр даваа, гурван ялагдалтай боллоо.

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд, озэки /арслан/ Гоэйдо, Гүржийн бөх Точиношин нарын том цолтнууд учраа бөхөө давжээ.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров Оношогоор тав дахь даваагаа авч тэргүүлэгчийн тэргүүн эгнээнд бичигдсэн хэвээр үлдсэн бол Чиёошёома Г.Мөнхсайхан гурав дахь даваагаа авлаа. Харин Дайшёохо Ч.Шижирбаяр хоёр даваа, гурван унаатай болсон байна.

Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо, маэгашира Ичиножёо А.Ичинноров нарын дөрвөн бөх таван даваатай тэргүүлж байна. Эдгээр бөхчүүдийн араас аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү нарын тэргүүтэй долоон бөх дөрвөн даваа, нэг унаатай нэхэж явна.