УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх бэлтгэл ажил хангагджээ


Дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болсон.

Хурууны хээгээр бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан бөгөөд туршилтын ажлыг хийж байгаа талаар УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Туршилтын ажил дууссан дараа хүлээн авах бөгөөд төлөвлөгөөний дагуу хаврын чуулганаас хурууны хээгээр ирц бүртгэх, асуулт асуух, санал хэлэх, санал өгөх юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд уг төхөөрөмжөөр ирц бүртгэх бөгөөд Төрийн ордны хуралдааны бүх танхимд дээрх төхөөрөмжийг суурилуулжээ.

Туршилтын ажил дуусч, хүлээн авсны дараа хаанахын ямар төхөөрөмжийг хичнээн төгрөгийн зардлаар суурилуулсан талаар мэдээллийг нэгдсэн байдлаар хэвлэл мэдээллийнхэнд өгөх юм байна.