Соёмботой ууланд гал тавьсан этгээдийг олжээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр /2020.04.26/ өдрийн 11:00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага анх иржээ. Тэр даруй гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очжээ. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн болон залуус сайн дураараа очиж, галыг унтраан, цурамд оруулаад байгаа билээ.


Хэргийг шалгахад, гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул, 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.

Тэрбээр "Хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан" хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна.

Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.