
Америкийн алдарт дуучин Мадонна коронавирусийн шинжилгээ өгөхөд түүний биенээс эсрэг биет илэрчээ. Эсрэг биет гэдэг нь тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байдаг юм. Эсрэг бие бол вирус биш.
Өдгөө 61 настай дуучин шинэ төрлийн коронавирусийн халдварт тусч эдгэснээ өөрөө ч мэдээгүй явсан байна. Түүний хувьд шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр тусч эдгэрсэн байх магадлалтай хэмээн таамаглаж буй юм.
Дуучин Мадонна энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн аж. Өөрийгөө коронавирусийн халдварын эсрэг биеттэй болсон гэдгээ мэдсэний дараа дуучин Мадонна “Маргааш маш урт аялалд гарна. Цонхоо онгойлгож, шинэ коронавирусийн агаар амьсгалмаар байна. Коронавирус баян ядуу ялгалгүй тэгш халдварлах нь гайхамшигтай” гэж инстаграмдаа бичжээ.
Сонирхуулахад АНУ-д коронавирусийн халдварын тархалт хүчтэй байгаа учир тус улсад хөл хорионы дэглэм тогтоосон билээ. Үүний дараа дуучин Мадонна хөл хорионы өдрүүдээ хэрхэн өнгөрүүлж байгаа талаар өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ өдөр болгон зураг болон видео хэлбэрээр хуваалцаж буй.
Өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд тэрбээр өөрийн инстаграм болон твиттер хуудаснаа "Covid-19 чиний хэр баян, хэр алдартай, хэр хөгжилтэй, хэр ухаалаг, хаана амьдардаг, хэдэн настай, ямар гайхалтай түүхтэйг чинь ялгахгүй. Энэ бол агуу их байгалийн шалгарал. Энэ өвчний хамгийн аймшигтай тал нь эсрэгээрээ түүний гайхамшигтай тал. Энэ өвчний хамгийн аймшигтай тал бол тэр биднийг маш олон талаар яг тэнцүүхэн болгож байна. Энэ өвчний гайхамшигтай тал бол тэр биднийг маш олон талаар яг тэнцүүхэн болгож байна. Миний хэлдэгчлэн бид бүгд нэг л завин дээр зорчиж байна. Хэрвээ завь живэх юм бол бид бүгд хамтдаа живнэ" гэж бичиж байжээ.
Эх сурвалж: Daily.co.uk