
Европын орнууд ОХУ-ын эсрэг хоригоо чангатгасаар байна. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдээ гадаад руу валютын шилжүүлэг хийхийг хоригложээ. Үүнд бонд худалдан авалт бас багтаж байгаа аж.
Харин Засгийн газрын өр багтсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн компаниудыг өөрсдийнхөө хувьцааг эргүүлэн худалдан авахыг хориглосон байна.
ОХУ-ын Төв банк нийт гадаад өрийн хэмжээг 478 тэрбум ам.доллар хүрч байгаа гэж тооцоолсон байна.
Үүнээс гадна ОХУ 36 улсын онгоцнуудыг агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Үүнд Европын Холбооны 27 гишүүн улс багтаж байна. ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх нь Азийн орнуудын хувьд Европт хүрэх хамгийн дөт замд тооцогддог.
ОХУ болон Украины төлөөлөгчид даваа гарагт Беларусын хил дээр уулзлаа. Хэлэлцээр хэдий үр дүн муутай болсон ч талууд цаашид дипломат хэлцлийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Даваа гарагт Украины хоёр дахь томоохон хот Харьковт бөмбөгдөлтийн улмаас олон энгийн иргэн бэртэл авч, амиа алдаад байна. Одоогоор Украины дүрвэгсдийн тоо хагас сая хүрээд байгааг НҮБ мэдээллээ.