ЧУУЛГАН: ҮАБЗ хаалттай мэдээлэл хийнэ

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/  10.00 цагт нээлтээ хийнэ.  Харин чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх аж. 

Хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.

Дашрамд дурдахад, УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан бөгөөд  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг УИХ-ын дарга онцолж байв.