
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 30-нд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэхээр товложээ.
Хөгжлийн банкны дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт анх 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Цагдаа, прокурорын байгууллага хэргийг хоёр жилийн хугацаанд шалгаж дуусаад 2017 онд шүүхэд шилжүүлж байв.
Үүнээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хэргийг анхны шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Харин 2022 оны арваннэгдүгээр сард Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн бол Н.Мөнхбатад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг энэ сарын 30-нд давж заалдах журмаар хэлэлцэх гэж байна.
Эргэн сануулахад:
- Б.Шинэбаатар нь Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,
- Ч.Отгочулуу нь Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэм буруутайд тооцсон. Гэсэн ч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.
Н.Мөнхбатын улсад учруулсан хохирлыг хэн төлөх вэ? Үүнд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Н.Мөнхбатын албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас найм орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан" хэмээж байв.