АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах саналаа УЕП-т ирүүлжээ

АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах саналаа УЕП-т ирүүлжээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д оруулах гэж байгаа талаар мэдээлэл цацагдаад буй.

Тэгвэл энэ процесс хуулийн ямар дарааллаар явагддаг болохыг хуульчаас тодруулахад Мөрдөх байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт гаргаж, прокурор түүнийг үндэслэлтэй гэж үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна.

Хэрэв УИХ-ын гишүүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг мөрдөх байгууллагаас Улсын ерөнхий прокурорт ирүүлнэ.

Улсын ерөнхий прокурор Мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг хянаж, УИХ-ын гишүүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудыг үндэслэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулдаг байна.

Өнөөдрийн байдлаар АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж,  эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт ирүүлснээс Б.Жаргалсайхан прокурор чухам хэн гэдэг гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулахаар болсон нь тодорхойгүй байна.

Хэрэв УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлбэл гишүүдийг жирийн иргэдийн адил цагдан хорих болон бусад арга хэмжээ авах боломж бүрдэх юм.   

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮД

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн яригдсан. Тус компани нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгчийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна.

Дашрамд хэлэхэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн албан ёсны нүүр хуудсаараа дамжуулан бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасан билээ.

2019 онд Хөгжлийн банкнаас 80.6 тэрбум төгрөгийн зээл авсан "Вестерн холд" ХХК-тай УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр холбогдсон. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд "Ньюспрогресс" групп болон "Алтайтрест" компаниудтай холбогддог байна.

ЯМАР ТОХИОЛДОЛД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ?

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

9 дүгээр зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

9.1.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ:9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХд оруулсан;9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХд оруулсан.9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай УИХ-ын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.9.3.УИХ чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.9.4.УИХ чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. 

10 дугаар зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

10.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн;10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;10.1.7.нас барсан.10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.10.3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.