АТГ: Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цаг баривчилсан нь үнэн

АТГ: Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цаг баривчилсан нь үнэн

Ж.Батзандангийн ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг саатуулсантай холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн тайлбар өглөө. Ж.Бат-Эрдэнэ нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын ажлын явцад бусдад давуу эрх олгосон хэргээр шалгаж байгаа аж. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

"АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замын асуудалтай холбоотой хоёр хэрэг шалгагдаж байна. Нэг нь 2021 онд нээсэн хэрэг. Үүнд АХБ-аас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил байгаа бол нөгөө нь 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж байгаа багц ажлуудад АТГ шалгалтын ажиллагааг явуулж байна. Тендэрийн бичиг баримт боловсруулсан болон сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг яаж зарцуулж байгааг шалгаж байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Дарханы замтай холбоотой асуудлаар бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслээд прокурорын хяналт дор баривчлах үндэслэл байсан учраас баривчилсан. 10 гаруй хүнийг холбон шалгаж байна. Нийт 8 албан тушаалтныг яллагдагчаар татаж, 3 этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан" гэлээ.