УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өчигдөр /2022.10.17/ бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бартын мужийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэл илэрхийлсэн.

Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн энэхүү найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

Саяхан Самарканд хотноо болсон Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын үргэлжлэл болгон хоёр талын өндөр дээд түвшний яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, ийнхүү Ерөнхийлөгч Эрдогантай уулзаж байгаадаа баяртай буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, урилгыг гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.