"Улаанбаатар" кино наадам уран бүтээлчдээ дэлхийд таниулах нэг гарц"

"Улаанбаатар" кино наадам уран бүтээлчдээ дэлхийд таниулах нэг гарц"

“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болно. Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн энэ наадмыг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар өчигдөр /2022.10.17/ уран бүтээлчид мэдээлэл өгсөн юм. 

МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл:

-"Улаанбаатар" олон улсын кино наадам маань 14 дэх жилийнхээ нээлтийг хийлээ. Зохион байгуулагчдын зүгээс наадмаа нээх мөчид сэтгэл их догдолдог. Наадмын өдрүүдэд дэлхийн алдартай найруулагчдын олон улсын киног Монголынхоо үзэгчдэд үзүүлж, уран бүтээлээр дамжуулан тэр улсуудаар аялах боломжийг олгодгоороо онцлог. Энэ жилийн наадам олон улсын зочид төлөөлөгчидтэй, өргөн дэлгэр наадам болох гэж байна. Жилээс жилд өргөжин, үзэгчдийн тоо нэмэгдсэн. Наадмын хамгийн сүүлийн киноны тасалбар дууссан байна. Хамтран ажилладаг байгууллагууддаа талархаж явдгаа илэрхийлье. Энэ өдрүүдэд кино форум, сургалтыг зохион байгуулахаас гадна олон сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулдаг.  Та бүхэн маань идэвхтэй оролцоорой.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет:

-Миний хувьд энэ наадмын шүүгчээр ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг. Би ажлаа хийнгээ дэлхийгээр аялж явдаг.  Кино урлагийг сонирхох үзэгчдийн тоо нэмэгдсэн байна. Европын орнуудад кино урлагийн хөгжил бага зэрэг саарч, олон улсын кино фестивалиуд амин сүнс нь болж байна. Монголд кино урлагийн салбар хөгжиж байгааг харахад таатай байна. Энэ наадмыг зохион байгуулж байгаа хүмүүстээ талархал илэрхийлье. Миний хувьд хөтөлбөр боловсруулагч Тибу Брактай хамтран энэ хөтөлбөрийг гаргаж ирсэн. Дэлхийн кино наадмуудад оролцдог алдартай найруулагчдыг оролцуулахын зэрэгцээ шинэ залуу найруулагчдад боломж олгохыг зорьдог.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн:

-"Улаанбаатар" олон улсын кино наадмыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, үүнийг сонирхох үзэгчдийн тоо ч нэмэгдэх болсон байна. Маш их таатай байна. Энэ наадмын ач холбогдол нь олон улсын шилдэг киног сонирхуулж, сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, дотоодынхоо уран бүтээлчдийг дэлхийд таниулах нэг гарц нь болж өгдөг. Энэ удаагийн кино наадмын "Үзэхийн хязгаар" хэсэгт Б.Сумхүү найруулагчийн "Хань" киног үзүүлэхээр сонгосон. Энэ бол Монголын уран сайхны киноны шилдэг бүтээл яах аргагүй мөн. Гол дүрд нь нэрт жүжигчин Н.Сувд тоглосон байдаг. Тийм учраас энэ киног дахин үзэгчдэд хүргэж байгаад баяртай байна.

Нийслэлийн соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг:

-Би найруулагч хүн учраас энэ наадмыг их догдолж хүлээдэг. Монголын кино урлагийн үе үеийн төлөөлөгч, уран бүтээлчдэд наадмын бүрэлдэхүүний зүгээс баярын мэнд хүргэе. Монгол киноны хөтөлбөрт олон уран бүтээл ирсэн байгаа. Залуу уран бүтээлчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.