Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв

Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв!

Ерөөсөө л Ерөнхий сайд гадаадад айлчлал хийж байгаа нь Монголын хувьд том сурталчилгаа. Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүн биш Монгол Улсын Засгийн газрын явж байна л гэж гадаадад харна, дүгнэнэ.  Товчхондоо, ардчиллын ач буян аль эсвэл ардчиллаа хамгаалах арга тактик аль нь байлаа ч Монгол Улс  дэлхийд нээлттэй бас дахин нээлттэй байх тусмаа сайн.  Олон тулгуурт, төвийг сахисан гадаад бодлого маань энэхүү ороо, бусгаа цагийг даван туулах стратеги болж байна.

Он гарсаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад, Сингапур, ОХУ, Англи, Япон, Германд албан ёсны айлчлал хийжээ. Манайхан болсон хойно, хэн, хаана айлчлал хийсэн ч хэзээний л муулах шалтаг амархан олчихно. Айлчлал хийхгүй байсан ч муулуулна, хийхгүй байсан ч муулуулна гэсэн үг.

Авчиг гол асуулт нь Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв аа? л гэдэг.  Олон нийтийн шуугианаас илүү Монголын Ерөнхий сайд гадаадад, Германд юу ярьсан нь хэвлэлийнхний, улс төр судлаачдын олж харах өнцөг юм.  Тэр тусмаа Монголын эрх ашиг, эдийн засгийн талаар юу тохиролцож, ямар “амлалттай” буцаж ирэв ээ гэж Ерөнхий сайдаас асуух ёстой юм.

Жишээ нь, Германы айлчлалаар Л.Оюун-Эрдэнэ Олаф Шольцтай хэд хэдэн асуудлыг онцлон ярилцжээ.

Нэгд, Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхээр хоёр тал судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр болжээ.  Тиймээс Л.Оюун-Эрдэнээс энэ төсөл яг хэрэгжиж чадах уу гэдгийг асуух ёстой. Бүр хэрэгжүүлж чадах уу гэж.

Монгол Улсын хувьд газрын ховор элементийн цөөнгүй орд илэрсэн байдаг., Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий ордуудыг олж тогтоосон. Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод нийт гурван сая тонн ислийн нөөц бийг, үүнийг мөнгө дүнгээр тооцоход 10 тэрбум ам.доллар болж буй гэх. Гэвчиг, Монголын хувьд газрын ховор элементийг олборлож, ашиглах нь ам яриа төдий хэвээр.

Хоёрт, Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ бол айлчлалаар хөндөгдсөн хамгийн чухал сэдэв. Дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн Монгол ус агаар мэт үгүйлэгдэж байгаа нь үнэн. Гол нь ажил болгох л хэрэгтэй.

Гуравт, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг хүссэн байна.  Бүтдэг ч бүтдэггүй ч монголчууд хүслээ энэ мэт илэрхийлээд явах ёстой. Монголчууд “Явсан хүн яс зууна. Хэвтсэн хүн хээл алдана” гэж хэлдэг.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн айлчлал болгоноор хөндөгдсөн, шийдэгдсэн асуудлыг тоймлон хүргэе.

БЭЭЖИН

Л.Оюун-Эрдэнэ зөвхөн олимп үзэх гэж Бээжин яваагүй. Түүний айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохирсон.  Ингээд наймдугаар сард Монголд ирсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар эцэслэн баталсан бий.

СИНГАПУР

Долдугаар сард хийсэн айлчлалаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, тохирсон агаад Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг болох, Нийтийн орон сууцны хөлбөрийн тухай, Цахим шинжлэлд суурилсан  төрийн албаны шинэчлэл, Улаанбаатар хот болон Сингапур Улсын компанийн харилцаа холбоотой ажиллах дөрвөн санамж бичиг байгуулсан билээ.

ВЛАДИВОСТОК

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл, эрчим хүч, шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар яриа, тохиролцоо хийсэн байдаг.

АНГЛИ

Хатан хаан II дугаар Элизабетийг үдэх ёслод Монгол Улс оролцох нь өөрөө “нэр төрийн” хэрэг юм. Дэлхийн бүх ихэд дээдэс, улстөрчдийн цугларалтад Монголы Ерөнхий сайд очно гэдэг том сурталчилгаа, эерэг пиар болно

ЯПОН

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх ёслолд оролцох үеэрээ  тус улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзаж,  дэлхийн улс орнууд цаг уурын дулаарлын эсрэг, нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлого барьж буй энэ үед Монгол Улс ч дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа онцолно гэдэг нэг ёсондоо бид хойд, урд хөршөөсөө гал гуймааргүй байгаагаа л хэлсэн хэрэг.  Түүний айлчлалаар хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Японы агаарын тээврийн компаниуд Монгол руу тогтмол нислэг үйлдэх, Монгол иргэдийг Япон Улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярьжээ.

Энэ бүхнээ ажил хэрэг болгох нь Л.Оюун-Эрдэнээс, засгаас нь, намаас нь шалтгаална. Очоод яриад яваад байх уу, ярьснаа хамтраад ажил хэрэг болгоод улсаа урагшлуулах уу гэдгийг. Гэхдээ ямартай ч дэлхийн геполитик, геостратеги өөрчлөгдөж буй өнөө үед Л.Оюун-Эрдэнэ онгоцоор “таксидаад” ч болтугай очоод Монгол гэж ардчилал улс байдгийг, хоёр том хөршийнхөө эрчим хүч, эдийн засгийн нөлөөллөөс гарах гэж оролдож буйгаа  яриад явах нь сурталчилгаа юм шүү дээ.

эх сурвалж: news.mn