
Аргентины шигшээ баг болон Парис Сен Жермейн клубийн довтлогч Лионел Месси FIFA-аас тодруулдаг "Оны шилдэг эрэгтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ.
Өдгөө 35 настай домогт эрхэм Францын залуу авьяастан Килиан Мбаппе, гоолын машин Карим Бензема нарыг санал асуулгаар ардаа орхижээ.
Аргентины шигшээ багийг ахалж Катар 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Месси 2021-2022 оны улиралд 49 тоглолтод 27 гоол оруулсан.
Тус шагналыг хоёр дахь удаа хүртсэн Месси "Гайхалтай улирлын эцэст энэ шагналыг хүртэх нь нэр төрийн хэрэг. Багийн хамтрагчидгүйгээр би энд зогсож байхгүй. Тэднийхээ ачаар урт удаан хүлээсэн мөрөөдлөө биелүүлсэн. Цөөн хүний хүрч чадах тэр оргилд зогссондоо би баяртай байна" гэв.
Мөн Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Лионел Скалони оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртжээ. Тэрээр Премьер лигт зургаа дахь удаа түрүүлсэн Пеп Гуардиола, Аваргуудын лигийн аварга Карло Анчелотти нарыг санал асуулгаар илүүрхсэн байна.

Харин Испанийн Барселона клубийн тоглогч Алексиа Путеллас оны шилдэг эмэгтэй тоглогч болсон бол Английн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вегман оны шилдэг эмэгтэй дасгалжуулагч болжээ.
Оны шилдэг хаалгач - Эмилиано Мартинез (Аргентин/Астон Вилла)
Оны шилдэг гоол - Марчин Олекси (Польш/Варта Познань)
Оны шилдэг бүрэлдэхүүн: Тибо Куртуа (Реал Мадрид/Бельги), Ашраф Хакими (ПСЖ/Марокко), Виржил Ван Дайк (Ливерпүүл/Нидерланд), Жоау Канселу (Манчестер Сити/Португал), Кевин Де Брюне (Манчестер Сити/Бельги), Касемиру (Манчестер Юнайтед/Бразил), Лука Модрич (Реал Мадрид/Серби), Лионел Месси (ПСЖ/Аргентин), Карим Бензема (Реал Мадрид/Франц), Килиан Мбаппе (ПСЖ/Франц), Эрлин Холанд (Манчестер Сити/Норвеги)


