Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болголоо


Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг 12 жилийн дараа шинэчлэн өнгөрсөн хавар батласан билээ. Энэ хууль нь одоо чуулганаар хэлэлцээд буй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байв.

Гэвч МАН-ын Засгийн газар уг хуулийг эгүүлэн татжээ. Уг нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан хуулиудын нэг байсан. Харамсалтай нь хууль хэрэгжихээргүй болж байна. Зарим гишүүд энэ хуулийг хэрэгжүүлээд явах ёстой байсан гэдгийг хэлж байсан.

Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан юм. Хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн.

Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан билээ.